Background

Бэлгийн онол


Сэтгэл судлаач Зигмунд Фрейдийн хөгжүүлсэн сэтгэц бэлгийн хөгжлийн (Psychosexual development) тухай онолыг танилцуулж байна. Энэ онол нь өнөөг хүртэл сэтгэл судлалын шинжлэх ухааны маргаантай мөртлөө хамгийн сайн олны танил сэдэв болж чаджээ. Зөвхөн энэ онол төдийгүй түүний бичсэн бүхий л ном бичээсүүд "ичиж үхмээр" мэдрэмжийг төрүүлдэг хэдий ч өнөөг хүртэл түүнээс өөр энэ талаар зоригтой бичиж олонд хүрсэн хүн алга байна. Түүний "ичиж үхмээр" онолыг уншигч та эргэлзэж санаа зоволгүй шүүмжлэхийн сацуу юу билээ хэмээн тунгаана гэж найдаж байна.


З. Фрейдийн үзсэнээр хүүхэд зургаан нас хүрэхэд бие хүний (Personality буюу зан чанарыг цаашид бие хүн гэж нэрлэнэ) ихэнхи хэсэг нь аль хэдийн бүрэлдсэн байх бөгөөд тухайн үед хөгжлийн үе шатуудыг амжилттай гүйцэтгэсэн бол цаашид эрүүл бие хүн болдог гэжээ. Харин эсрэгээрээ хөгжлийн үе шатууд амжилтгүй болсон бол эрүүл бус бие хүн болоход хүргэдэг аюултай.

Мөн энэ сэдэвтэй холбоотой сонгодог психоанализ онолын "эроген" хэмээх өөр нэгэн ойлголт гарч ирдэг. Эроген гэдэг нь З. Фрейдийн үзсэнээр бэлгийн таашаал хүртэх, хүслийг өдөөх хөгжлийн үе шатуудаас хамаардаг бие махбодын өөр хоорондоо ялгаатай цэгүүдийг хэлдэг. Сэтгэц бэлгийн хөгжлийн үе шатуудын хооронд биеийн сэрлийг үүсгэх, бэлгийн таашаалыг өдөөдөг цэгүүдийг хүүхэд өөрөө "оролдож" таашаал авснаар эрүүл хөгжилтэй болдог. Өөрөөр хэлбэл хүүхэд бараг зургаан нас хүртлээ эдгээр таашаалын цэгүүдийг ажиллуулж байж эрүүл сэтгэцтэй болох бөгөөд хэрэв бага насны хүүхэд бэлэг эрхтнээ оролдож байвал үүнийг хэвийн үзэгдэл гэж үзэх ажээ. Нийтдээ сэтгэц бэлгийн хөгжлийн таван үе шат байдгийг танилцуулъя:
  • Ораль үе шат (Хүүхэд мэндлээд найман сар хүртэл)
Энэ үе шатанд хүүхэд хөхөж таашаал авдаг. Тэд эхийнхээ хөхийг хөхсөнөөр асар их тайван амгалан, итгэлийг мэдэрдэг аж. Хэрэв хангалтгүй хөхсөн, тааламжтай байдлыг мэдрээгүй бол хүүхэд орал фиксацыг өөр зүйлээр орлуулдаг (Орал фиксац гэдэг нь Орал - Ам, Фиксац - Гацалт, гажилт гэсэн утгатай). Улмаар хүүхэд өөр зүйлийг амандаа ойртуулж хангагдаагүй хэрэгцээгээ биелүүлдэг. Жишээ нь, хангагдаагүй хэрэгцээтэй энэ төрлийн хүмүүс хумсаа иддэг, тамхи татдаг, архи уудаг зан байдалтай болдог бөгөөд үргэлж хүмүүсийг дагаж, тэднээс хамааралтай болж гэнэн итгэмтгий зангаасаа болж хохирдог.

  • Аналь үе шат (Найман сараас гурван нас хүртэл)

Энэ үед хүүхдийн бэлгийн таашаал авах цэг нь давсаг, бүдүүн гэдэс орчим төвлөрөх бөгөөд хүүхэд бие засахдаа таашаал авч сурдаг (Аналь гэдэг нь бүдүүн гэдэс гэсэн утгатай). Энэ үеийн хүүхдийн хэрэгцээг амжилттай даван туулахын тулд эцэг эх хүүхдийг бие засахад нь урамшуулах, магтаж өгсөнөөр хүүхэд хожим насад хүрсэн үедээ бүтээлч зан чанартай болдог бол эсрэгээгээ эцэг эх түүнийг шоолох эсвэл ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй тохиолдолд хүүхэд устган сүйтгэх шинжтэй, бохир заваан, үрэлгэн зантай болдог. Харин хүүхдийн бие засах явцад хатуу чанга шаардлага тавьдаг байсан бол хүүхэд цаашид цэвэр цэмцгэр байх улигт бодол болж аливааг хэт цэвэрлэх, хяналтандаа байлгадаг эрүүл бус зантай болдог гэж сонгодог психоанализ онолд үздэг байна. 



  • Фаллын үе шат (Гурван наснаас зургаан нас хүртэл)
З. Фрейд хүүхдийн хөгжлийн энэ үе шатыг фалл (phallic - шодой) гэж нэрлэсэн бөгөөд бэлгийн таашаал хүртэх цэг бэлэг эрхтэнд төвлөрдөг гэж үзсэн. Үүнтэй холбоотой түүний дэвшүүлсэн алдарт Эдипийн комплексийг ойлголт гарч ирдэг. Түүний үзсэнээр хөвгүүд энэ үе дээрээ ухамсаргүй байдлаар (далд ухамсар) ээжийгээ бэлгийн дур хүслээр харах, аавыгаа өөртэй нь өрсөлдөж байна гэж үздэг бөгөөд түүнийг замаасаа зайлуулахыг хүсдэг байна. Хүүхдийн энэ төрлийн хүсэл нь хүү нь хаан эцгийгээ хөнөөж эхтэйгээ гэрлэдэг тухай "Эдип"-ийн домогтой ижил учир З. Фрейд өөрийн дэвшүүлсэн ойлголтоо ийн нэрлэжээ. Мөн энэ үед хөвгүүдийн эдипийн хүслийг аав нь шийтгэх вий гэдгээс эмээдэг кастрацын түгшүүртэй болдог (Кастрац гэдэг нь бэлэг эрхтнээ засуулах гэсэн утгатай). Сүүлд 1913 онд Карл Юнг охидын бас иймэрхүү дур хүслийг "Электрагийн Комплекс" гэдэг нэр томъёогоор тайлбарласан боловч З. Фрейд түүний тайлбартай санал нийлээгүй бөгөөд эмэгтэй хүүхэд шодойгүй учир эрэгтэйчүүдийг атаархаж өсдөг гэж ятгасаар байсан юм.



  • Латент үе шат (Зургаан наснаас бэлгийн бойжилт хүртэл)
Латент гэдэг нь далд, нуугдмал гэсэн утгатай. Энэ үед хүүхдийн бэлгийн таашаалын энерги түр дарагдаж нийгмийн харилцаа руу чиглэдэг. Хүүхэд өөрийнөө ижил хүйсийн хүүхдүүдтэй голдуу тоглох бөгөөд сэтгэц бэлгийн хөгжил юм уу ямар нэгэн гацалт, гажилт тохиолддоггүй.
  • Гениталь үе шат (Бэлгийн бойжилтоос насанд хүрэх үе хүртэл)
Сэтгэц бэлгийн хөгжлийн сүүлийн үе шатанд хүүхдийн бэлгийн дур хүсэл латент үеэс дахин сэргэж эсрэг хүйсний хүнийг бэлгийн үйл ажиллагааны хувьд сонирхож эхэлдэг. Өмнөх бүх үе шатуудын хэрэгцээ амжилттай хангагдсан бол тухайн хүн цаашид "зөв" хүн болж таашаалын цэг нь бэлэг эрхтэндээ төвлөрдөг байна. Эсрэгээрээ өмнөх үе шатуудад гацалт үүссэн бол бэлгийн дур хүсэл ба түүний үйл ажиллагаа гажуудах магадлалтай.


Сэтгэл судлаач З. Фрейдийн болосвруулсан сэтгэц бэлгийн хөгжлийн онол өөрөө их маргаантай байдаг. Тэрээр энэ онолдоо бараг эмэгтэй биш, эрэгтэй хүний хөгжлийг тэр чигт нь анхаарч үзсэн. Судалгаа нь хүүхдийн зан үйл дээр сурилаагүй харин тэдний эцэг эхийн яриан дээр үндэслэсэн байдаг. Хүүхдийн танин мэдэхүй ба түүнийг хөгжилд анхаараагүй бөгөөд биологийн талаас нь авч үзсэн. Мөн түүний онолыг баталж шалгах бараг боломжгүй юм. Гэсэн хэдий ч бараг 100 гаруй жилийн өмнөх хүүхдийн хөгжлийн онол ба ялангуяа Эдип-ийн комплексын ойлголтыг орчин үед бараг хүн бүр хүлээн зөвшөөрдөг билээ.

Л. Энхтүшиг

Categories: Share