Background

Зигмунд Фройд:Амьдралын энгийн зүйлсээс таашаал авахдаа ...


“Ховор яриа” буланд энэ удаа Австрийн нэрт сэтгэл судлаач, сэтгэл судлалын шинжлэх ухааны эцэг хэмээгдэх Зигмунд Фрейдийн ярилцлагыг хүргэж байна. 1927 оны хавар буюу 70 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэснийх нь дараахан түүний өвлийн байшинд өрнөсөн энэхүү ярилцлага Зигмундаас бидэнд үлдсэн цөөн хэдэн ярилцлагын нэг юм.

Эртний Грекийн баатар Эдип, түүнд сэтгэцийн задлан шинжлэл хийсэн Австрийн профессор Зигмунд Фрейд хоёул орчин цагийн сэтгэл судлалын түүхийн онцгой хэв шинжит дүр болж үлджээ. Фрейд сэтгэл судлалын салбартай холбогдсон нь Галилей одон орон судлалд урвасан лугаа чухаг үйл явдал болсон гэж олон хүн хэлдэг.

Барих биегүй сэтгэл гээч агуу ертөнцийг шинээр нээсэн гайхалтай ажлууд нь түүнийг хөлгийн залуур атгасан Колумб шиг санагдуулна. Ийм эрхэм хүнтэй уулзахаар Альпийн нурууны хормой дахь Семмерингд байх, түүний өвлийн байшин руу дөтөлж явна, бид.

“Бурхад бидэнд үргэлж л сайн санах юм. Ядаж л үхэл бэлэглэсэн. Дааж давшгүй их сэтгэлийн ачаагаа тээсээр, өтөл насандаа үнэнхүү туйлдах үед тэр хаанаас ч юм гарч ирээд бүх ачааг хөнгөлж, биднийг авч оддог” гэж өдгөө 70 настай, сэтгэл судлалын эцэг Зигмунд Фрейд ярилаа. Түүний ярих, хөдлөх нь хорвоогийн жамтай хэдийнэ эвлэрсэн, нэг талаар хүлцэнгүй гэж харж болох ч нөгөөтэйгүүр ер бусын тайван амгалан байх бөгөөд надад “Би хорвоогийн жамтай тэмцэхийг хүсдэггүй ээ. Энд би 70 гаруй жил амьдарлаа. Хангалттай идсэн, хангалттай ажилласан, бас унтсан. Энэ орчлонд намайг цэнгүүлдэг юмс даанч олон л доо. Миний эхнэр, миний үр хүүхэд, нар мандахаас жаргах хүртэл байгалийн бүхий л үзэгдэлд би хайртай. Гэвч сайхныг нь ханатал мэдэрсэн болохоор одоо надад хоргодох зүйл алга” гэсэн юм. Түүний 70 насны төрсөн өдөр саяхан тохиож, бүх дэлхий түүнд хүндэтгэл үзүүлсэн билээ. Энэ үйл явцыг эхнээс нь харсан би түүнд “Та ч азтай юм аа, амьд ахуй цагтаа ийм дээд хүндэтгэл мэдэрнэ гэдэг нь Таны бүтээсэн алдар нэрээр бахархсан шүү” гэхэд тэр “Үгүй дээ, чи андуурч. Алдар нэр хүнийг үхсэний дараа ирдэг. Хүмүүс амьддаа бие биенээ хангалттай хайрлаж чаддаггүй болохоор хэн нэгэн үхсэний дараа, хэлэх үг нь огтоос хэрэгцээгүй болсоны хойно л дурсан, магтдаг юм” гэлээ.

“Таны нэр өнө мөнхөд дуурсагдана шүү дээ, энэ сайхан биш гэж үү” гэхэд тэрбээр “Онцын ялгаагүй. Гэхдээ юу гээч, миний ажил надад өдөр бүр хүндлэл үзүүлдэг. Энэ л надад хангалттай” гэв. Бид аяга цай уучихаад байшингийн гаднах цэцэрлэгээр алхав. Хаврын урь орсон учраас өвс, ургамал бүхэн газрын хөрсийг цоолон, өөдөө тэмүүлэн ургаж байгааг харах гайхалтай. Энэ зураглал Фрейдийг ч бас цэнгүүлж байгаа нь илт. Ховсч гараараа тэр нахиаг илбэн, нялх ногооны үнэрийг тааламжтайяа хүртэнэ. “Үхлийн дараа үзэж, туулах бүхнээс илүү би энийг л харах, ажиглах дуртай. Ямар нэг юм ургаж, цэцэглэхийг харна гэдэг ямар гайхалтай гээч” хэмээгээд над руу даруухан гэгч нь инээмсэглэн харав. “Би таныг ийм пессимист үзэлтэй гэж бодсонгүй шүү” гэж бодлогог үй үг хэлтэл Фрейд хариуд нь “Би пессимист биш ээ. Амьдралын энгийн зүйлсээс таашаал авахдаа би ямар ч философилог хариу үйлдэл үзүүлэхийг хүсдэггүй” гэсэн юм.

-Та мөнхийн амьдралд итгэдэг үү?

-Амьд бүхэн мөхдөг. Амьгүй чулуу ч үйрч, тоос болдог шүү дээ. Ийм байтал би яагаад амьд үлдэх талаар бодно гэж?


-Ямар ч философилог болон шинжлэх ухаанч байдлаар биш зүгээр л, мөнх амьдрах юмсан гэж нэг ч удаа бодож, хүсэж байгааг үй гэж үү?

-Хэзээ ч тэгж бодож байгаагүй. Энэ чинь өөрөө абсурд. Эргээд хүн болж төрөх юмсан гэсэн хүний шунал их аминч бодлоос нь улбаатай байдаг. Амьдрал бол мөнхийн давтамжит тойрог гэж би боддог. Эргээд би өвс болон ургаж, ус болж урсаж болно. Бүр хумхын тоос ч болж хүчрэхгүй хоосон угтаж байж ч магадгүй. Гэвч үүнийг одоо бодох ямар ч хэрэггүй. Зүгээр л тайван орхиод, өөрөө нүүр тулах хүртэл мартах хэрэгтэй. Угаасаа бүхий л амьдралынхаа турш бодож, эргэцүүллээ гээд үүний хариуг хэн ч олж мэдэж чадахгүй.

-Бернард Шоу шинэхэн номдоо “Бидний амьдрал хэтэрхий богино. Гэвч одоо биш ч хэзээ нэгэн цагт хүн төрөлхтөн наслалтыг уртасгаж чадна” гэж бичсэн байсан. Та үүнийг хэр боломжтой гэж үздэг вэ?

-Энэ боломжтой. Түүхийн бүхий л цаг үеийг аваад үзвэл хүний нас аажмаар уртасч байгаа. Гэсэн ч бид үхнэ. Хэзээ нэгэн цагт. Магадгүй, хүн бүр зуугаас дээш насалдаг болоход хүн өөрөө үхэхийг хүсэж эхэлнэ. Яг л одоо хүн бүр нэг хором ч болтугай амьсгалахыг, амьдрахыг хүсэж байгаа шиг.


-Тэгвэл ирээдүйд амиа хорлох үзэгдэл олшрох нь дээ, тийм үү?

-Хүн өөрөө үхлийг сонгож болохгүй. Амьдрал нь жам ёсоороо дуустал хүлээх хэрэгтэй. Эрх, үүрэг гэж байдаг шиг нэгэнт амьдарсаных, энэ өөрөө боллоо гэтэл бид амьсгалж л байх хэрэгтэй.

-Үхлийн тухай ярихаа больё. Та өөрөө өөртөө сэтгэцийн задлан шинжлэл хийж байв уу. Бусдыг шинжлэхээс илүү хэцүү байдаг байх даа.

-Тэгэлгүй дээ. Сэтгэл судлаач хүн эхлээд өөрийгөө гаргаахгүй мэддэг байх хэрэгтэй. Тэгж байж бусад хүнийг судална. Өөрийгөө таниагүй бол бусдыг ч гэсэн бүрэн дүүрэн ойлгож чадахгүй.

-Өөрөөсөө олж нээсэн хамгийн чухал “олдвор” юу байв?

-Чухал нь ч юу байх вэ. Саяхнаас би австри хүн гэдэгтээ эргэлзэх болсон. Би германаар ярьдаг. Миний соёл, миний ололт амжилт бүгд Германтай холбоотой. Миний сэтгэлгээ хүртэл герман. Тиймээс би одооноос өөрийгөө австри биш герман хүн гэж хүлээн зөвшөөрөхөд бэлдэж эхэлсэн.

-Та бол сэтгэлийн эмч. Гарт баригдаж, нүдэнд харагдахгүйг судалж, өвчин зовиурыг нь олж, анагаана гэдэг хэцүү байх, тийм үү?

-Миний өвчтөн бол хүний оюун санаа, сэтгэл. Махан биетэй нь би харьцдаггүй. Харин түүнийг удирдан, залдаг хийсвэр зүйлтэй би харилцдаг. Заримдаа хэцүү ч, ихэнхдээ энэ нь амар байдаг. Зовлон, зовиурыг нүдээр харахгүй байвал би илүү тайван байдаг.

-Сэтгэл судлалын салбар залуухан ч судлах талбай нь магадгүй орчлонгоос ч уудам. Энэ салбарын цаашдын хөгжлийг та юу гэж хардаг вэ?

-Амьдрал өдрөөс өдөрт хувьсаж байна. Сэтгэл судлалын салбар ч ялгаагүй. Намайг сэтгэл судлалын эцэг гэдэг ч би маш том шинжлэх ухааны зөвхөн эхлэлийн үед, харьцангуй амар хялбар байхад нь ажиллаж байна. Ирээдүйд сэтгэл судлаачид маш том талбайд “тулалдах” болно. Түүний хажууд миний хийснийг харьцуулахын ч аргагүй.

Т.Жигүүр 

Өнөөдөр сонин
Эх сурвалж:
http://www.mongolnews.mn/w/47000 

Categories: Share